“СИТИ” Их сургууль старт-ап компаниудтай хамтран ажиллаж эхэллээ

“СИТИ” их сургууль оюутан, төгсөгчдөө өөрийн бизнесийг эхлүүлэхэд дэмжлэг үзүүлэх шинэ гарцыг нээсэн билээ. Тодруулбал, тус сургууль 2020 онд төгсөгчдөө хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөхөд нь туслах, багш, оюутнуудын шинэ санааг төсөл болгон дэмжих, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах зорилгынхоо хүрээнд инновац, бизнес хөгжлийн “CitiZone” төв байгуулсан.  

2021-2022 оны хичээлийн жилд тус сургууль “CitiZone” төвийнхөө үйл ажиллагааг өргөжүүлэн, өв соёлын инновац хөгжүүлэгчдийг бүх талаар дэмжихээр “Олуулаа” бизнес нэгдлийн гишүүдтэй хамтран ажиллаж эхэллээ.

Тус нэгдэлд “Наад” брэнд, “Товь гэр төсөл”, “ОВОО кэмпинг- Гэр Тент”, “Хуяг” брэнд зэрэг арав гаруй компани багтдаг бөгөөд “СИТИ” их сургуультай байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд хүний нөөц, хөрөнгө оруулалт, дэд бүтэц материаллаг бааз, бизнес хөгжүүлэлт чиглэлээр олон талт хамтын ажиллагааг өрнүүлж, хэд хэдэн төслийг бодитоор хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.

Ингэснээр “СИТИ” их сургууль старт-ап компаниудыг дэмжигч хувийн хэвшлийн анхны их сургууль болж байна.

Өв соёлын инновацыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх хамтын ажиллагааны хүрээнд дараах төслүүдийг хэрэгжүүлнэ.

Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн чиглэлээр:

Өв соёлын инновац бүтээгдэхүүн экспортлогч компаниудын хэрэгжүүлж буй төсөлд “СИТИ” Их сургуулийн оюутнууд оролцож дадлага хийх, үргэлжлүүлэн төслийн багт гишүүнээр ажиллах, бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд шууд оролцох;

“Хуяг” брэндийн дээл үйлдвэрлэлийн технологийн бичиг баримт боловсруулалт, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, оёдол эсгүүр гаргах зэрэг ажлыг “СИТИ” их сургуулийн барилга, архитектур дизайны сургуулийнхан хийж гүйцэтгэх, цаашлаад үйлдвэрлэлийг хариуцаж ажиллах;

Контент үйлдвэрлэлийн чиглэлээр:

NAMNAA, “Nomadic Seeker”, дуучин Б.Алтанжаргал зэрэг хувь хүн, байгууллагатай хамтран аялал жуулчлал, урлагийн салбар дахь шинэ үеийн урсгал трэндүүдийн менежментийг хийх, зах зээлд байршуулах ажилд “СИТИ” их сургууль гол түншээр оролцон, хамтран хөгжүүлэх; 

Үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр:

“Glamping Mongolia”, TEMS (Taliin Ezen Makers Space) зэрэг үйлчилгээ, үйлдвэрлэлийн шинэ хандлагыг бий болгох төслүүдэд “СИТИ” их сургуулийн аялал жуулчлалын ангийн оюутан, багш нар гар бие оролцон, бусад бүх талын боломж бололцоогоор хангаж хамтран ажиллах юм.

Инновац, бизнес хөгжлийн “CitiZone” төвийн үйл ажиллагаа, үүд хаалга бусад салбарын гарааны бизнес эрхлэгчид болон энтрепренеруудад үргэлж нээлттэй байх ба хамтран ажиллах хүсэл сонирхолтой хэн бүхнийг хүлээн авахад бэлэн байна.

www.citi.edu.mn

info@citi.edu.mn