Нум сум харвах арга /Газраас харвах/
Эртний эсвэл орчин үеийн эсвэл бусад орны багш дасгалжуулагчид болон түүхэн сурах бичгүүдэд нумаар сум харвах үйл явцыг хэд хэдэн үйл хөдлөлд хуваасан байдаг.
Харин миний бие Монгол харвааны үйл явцыг практик дээрээс доорх таван үе шатийн хэсгээс бүрдэнэ гэж үзсэн.
Таван үе шатууд:
- Үндсэн зогсолт буюу байрлал: Нум сум харвахаас өмнө харваач зөв суурьтай зогсох нь нэн чухал, гэдэсний булчинг чангалж бага зэрэг бөхийж нум барьсан гарыг мөрний түвшинд барина.
- Онилох: /Сумаа аван сумлах/ Саадагнаас сумаа аваад нумны хөвчинд онийг хийх үйлдэл. Сумаа саадагнаас сугалан авч нумы элгэн талд эрхий хуруун дээр хавсран олж ирээд сум барьсан гараа сумаа хагас атгаастай хойш гүйлгэн ониноос бариж нумны хөвчинд эргүүлэн хийнэ. Онилогдсон сумны доогуур эрхийдэж , татхад бэлэн болно
- Нумаа тэлэх: /Нумаа гүйцэт зөв татах/ эрхийдэн сойсон хөвчтэй сумтай гар болон нум тулсан гараа хоёр тийш тэлэн татна. Дэлэхдээ хурдан биш бас удаан биш гүйцэт бүрэн дэлэх хэрэгтэй . Хатуу зөөлөн нумнаас шалтгаалж дэлэх хурд өөр өөр байдаг.
- Нум хараалах: Сумыг харваж байндаа тусах чиглэлээ олох үйлдэл. Дэлэн татаж байхдаа байгаа харж байх ёстой, бүрэн татсан үедээ байруугаа сумаа чиглүүлнэ, ингэхдээ байруугаа хоёр нүдээрээ харж төвлөрөх үед зүүн гар дахь нум бүдгэрч алс дахь харвах бай тодрон гарч ирнэ. Байруугаа сумаа захын хараагаар чиглүүлэн барина. Хараалах нь хүнээс мэдрэмж туршлага шаардана.
- Задаргаа: Хөвч атгасан гараа/ эрхийвчилсэн эсвэл бусад хурууг/ суллах үйлдэл. Хөвчийг задлахдаа эрхий долоовор хуруу эсвэл бусад хурууг хөвч татаж буй хойд гарын тохойг хойш түлхэх үйлдэлтэй хамт задална.
Энэ 5 үе шатын тасралтгүй үргэлжлэх үйл ажиллагаа нь харвах хэмээх үйл явц юм. Харваач нь эдгээр үе шатуудыг нарийн эзэмшин тасралтгүй цувруулан үйлдэж нэг үйлдэл болгоод сумаа сая байндаа тусгахыг нум сум харвах хэмээнэ.
Бичсэн : Намнаа клубын багш дасгалжуулагч Н. Алтанхуяг