Татааруудын улс гүрний газар нутаг нь өвс ногоо, ус ундаагаар баялаг, адуу, малд туйлын тааламжтай болой. Адууг нэг, хоёр настайгаас нь уналга эдэлгээнд сурган номхруулж хээр талаар давхина.
Дараа нь гурван жил өсгөн маллаад дараа нь дахин сургана. Эхний удаа сургахдаа зөвхөн хазаж хайрдаггүй, хэвтээд өгдөггүй болгодог ажээ. Хэдэн мянга, зуун агт хамтдаа нэг сүрэг болох бөгөөд адуу унгалдаж янцгаахгүй, чимээгүй номхон байж сурна. Татаарууд мориноосоо буусан хойноо морио уядаггүй, морь нь ч дутаахыг үл мэднэ.
Тэдний агт морьд ааш зан сайтай, бүтэн өдрийн турш өвс тэжээл идэхгүй, зөвхөн шөнийн цагт бэлчээрт гаргаж идээшлүүлнэ. Өвс ногоо нь хаана нойтон юм уу, хуурай байгаагаас морьдоо газар сонгож идээшлүүлнэ.
Үүр цаймагц морьдоо эмээллэн хөдөлнө. Үр тариа, шөл мэтийг мориндоо хэзээ ч өгдөггүй. Татаарууд аян дайнд мордохдоо хүн болгон хэд хэдэн морьтой явах ба тэднийгээ өдөр өдрөөр сэлгэн унадаг учир унаа морьд нь эцэж туйлдана гэж үгүй.