"ХАРИЙН ТУХАЙ ТЭМДЭГЛЭЛ" /1545-1549он/
"И-ЮЙ" БИЧИГ
"...Монголчууд харваж намнахдаа сайн. Дундад улсын Хэбэй нутгийн хүн ч сайн харвадаг. Зан дадлаасаа болсон болов уу. Урд Тайюань газрын хүн ч харваж намнах заншилтай байв. Ард иргэдийн дунд нум сумын эвлэл хоршоо байсан бөлгөө........
Хор нумын ашиг нь дэлхий дахиныг сүрдүүлдэг тул эртний хүмүүс эдүгээ болтол хадгалжээ. Күнз бас Цзюэсян хотод харваж сурсан гэдэг.
Монголчуудын нум нь урт том, хөвчийг нь сураар хийсэн байдаг. Өнөөх сур нь халуун цаг бороонд норж сулардаг байтал намар хатаж нэн чангардаг болой.
Сум нь бас том урт. Зэвийг нь төмөр эврээр хийдэг. Сумаа өдөөр чимсэн байдаг. Ингэвэл ончтой гэдэг. Тэд сумыг их эрхэмлэн хайрладаг. Ер нь харвасан сумаа дахин авч хэрэглэдэг. Тэдний сумын тусалт нь хол биш бөгөөд ер нь хятад урчуудаас давах эрдэм мэргэжилгүй ажгуу.
Монголчууд нэг сайн хуягийг нэг тэмээгээр сольж авдаг. Нэг сайн нум болон сэлмийг нэг мориор сольдог. Үхрийн эвэрт нумыг нэг үхрээр, хонины эвэрт нумыг нэг хониор сольж авдаг.
Тэдний нум хатуу, бат бөх. Сумыг Монголчууд өөрсдөө хийж чаддаг. Төмрийг их эрхэм нандин зүйл гэж үздэг. Алт, хасын оронд хэрэглэх нь ч бий. Сүүлийн үед жаахан өөр болов...
Монголчууд хуягийн уян хатныг эрхэмлэнэ. Сэлэм жадны хөнгөнийг бахархана. Сэлэм хөнгөн бол тохойд илүү хүч хурж, хурайлан цавчихад сайн байдаг. Сум хүчтэй болбоос оновоос даруй нэвтэлнэ......
" ...Сум харвахдаа урагш хандаж, зүүн гартаа нумаа атгаж, үзүүрийг нь жаахан зүүн тийш хазайлган онины дотор талыг нь өргөж, долоовор хуруугаар онины гадар талаас татаж, дунд хэсгийг нь бүргэдийн хошуу мэт болгож, бусад хуруугаараа онио чангахан түлхэнэ. Баруун гараараа сумын хөвчид тусгаж, долоовор хуруугаараа эрхий хуруугаа дарж, бусад хуруугаар алгаа чанга барьж, хөвч нь цээжийг нь налан тэнийж тохойгоороо баруун хавиргаа чангахан хавчиж, нумын дээд үзүүрийг баруун тийш хазайлган хөвч нь төгрөг болохтой зэрэг сумаа харвана.
Үнэхээр ончтой бөгөөд хүчтэй байдаг.
Хятад цэргүүд үүнтэй адилгүй. Хуяг нь хэтэрхий чанга биеийг нь барьсан байдаг. Сум тусмагц цээжийг нь нэвтэлдэг. Сэлэм нь хэтэрхий хүнд учир нэгэнт цавчваас дахин өргөхөд хүчир болой.
Сум харвах нь хэтэрхий түргэн болохоор дэгдэж халиад тусалт муу байдгийн улмаас хуягийг нэвтэлж чадахгүй байнга ялагддаг. Ялагдахын шалтгаан ганц үүгээр хэрхэн хязгаарлагдах ажээ..."
Тайлбар:
1. Энэхүү "И-Юй" бичиг буюу "Харийн тухай тэмдэглэл"-ийг 16-р зууны үеийн Мин улсын цэргийн жанжин, хилийн цагдан байцаагч түшмэл Су Чжигао 1545-1549 онуудын хооронд бичжээ.